Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нэг нас хүрлээ

2016 oны 1-р сарын 28

Монголын Хэвлэл Мэдээллийн салбарт өөрийн зохицуулалтын байгууллагыг аливаа ашиг сонирхлоос ангид, олон улсын жишгийн дагуу мэргэжлийн түвшинд байгуулахаар сэтгүүлч, ажил олгогч ,судлаач, эвсэл холбоо болон төрийн бус байгууллага санал нэгдэн сүүлийн нэг жилийн туршид идэвхтэй ажилласан юм. 2015 оны 01-р сарын 28-ны өдөр хэвлэл мэдээллийн салбарынхан Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлийг үүсгэн байгуулах чуулганаа хийж, дүрмээ батлан, Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмаа тунхагласан тэмдэглэлт үйл явдал болсон билээ. Энэ өдрөөс хойш Хэвлэл мэдээллийн зөвлөл үйл ажиллагаагаа амжилттай явуулж, энэ өдөр нэг жилийнхээ ойтой золгожээ. 

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх зорилгогоор сэтгүүлчид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээгээ мөрдөж ажиллахад нь дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй энэ байгууллага нь 2016 оны 1 дүгээр сар 28-ний өдөр өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн ажлаа танилцууллаа.  

Энэ өдрөөр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинэ соёлын давалгааг эхлүүлсэн санаачлагч байгууллагуудаа онцлон дурдаж, батламж гардууллаа.

 

Хэвлэл мэдээллийн салбарын өөрийн зохицуулалтын соёлыг нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг санаачлагч байгууллагууд болох Монголын Хэвлэлийн хүрээлэн, Медиа консул Монголиа клуб, Глоб интернэйшнл төв ТББ, “Ил тод сан”  ТББ, Хүйн радиогийн холбоо, Мэдээлэл холбооны чадавхийн хөгжлийн форум ТББ, МИДАС ТББ, Орон нутгийн хэвлэл мэдээллийн холбоо, Монголын Сайтын холбоо, news.mn, ikon.mn, gogo.mn, Монгол Телевиз, Mongolian Mining Journal, Парламентын Сэтгүүлчдийн холбоо, Пресс клуб, МУБИС-ийн Нийгэм, Хүмүүнлэгийн Сургууль болон дэмжигч байгууллагууд болох Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл, ХБНГУ-ын DW академи, Фредрих-Эвертийн сан зэрэг байгууллагууддаа баяр хүргэлээ.

Мөн Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь Монголын Сайтын холбоо, Тэргүүлэгч Сайтуудын Холбоо болон Мэдээллийн Сайтуудын ассоциацитай хамтран ажиллах санамж бичиг зурлаа.

 

 

Санал хүсэлт өгөх