МХМЗ-ийн гишүүд Германы Хэвлэлийн зөвлөлтэй танилцах аялал хийв

2015 оны 11 дүгээр сарын 28 – 12 дугаар сарын 05 

Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлийн хэсэг гишүүн ХБНГУ-ын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаатай танилцах аялал хийгээд ирлээ.

Аяллынхаа хугацаанд тэд Германы Сэтгүүлчдийн эвлэлтэй уулзаж, хэвлэл мэдээллийн эрх, өөрийн зохицуулалтын байгууллагын талаар мэдээлэл солилцож ярилцсан байна. Германы Сэтгүүлчдийн эвлэл нь Хэвлэлийн зөвлөлөө үүсгэн байуулагч нь бөгөөд үйл ажиллагааг нь дэмжиж ажилладаг ч хөндлөнгөөс оролцдоггүй, харин санхүүжилтийн 20 хувийг нь гаргадаг ажээ.

Мөн МХМЗ-ийн гишүүд Германы Засгийн газрын гишүүдийг оролцуулсан хэвлэлийн бага хуралд оролцжээ. Германы сэтгүүлчдийн зохион байгуулдаг уг хуралд төрийн удирдлагууд, сайд, дарга нар нь заавал ирэх үүрэгтэй ба сэтгүүлчдийн хүссэн асуултанд хариулт өгдөг байна.

Түүнчлэн Германы өдөр тутмын сонины редакциуд болон “Zeit Online” онлайн сонины рөдакциар мөн зочилж амжсан байна. Тэднээс редакцийн хариуцлага, иргэдээс гомдол ирдэг эсэх, Хэвлэлийн зөвлөлийн үйл ажиллагааг хэрхэн хардаг, шийдвэрийг нь хүлээн зөвшөөрдөг талаар асууж сонирхжээ. Редакцийнхан Хэвлэлийн зөвлөлийнхөө шийдвэрүүдийг нь хүлээн авч залруулга гаргадаг, аль болох Хэвлэлийн зөвлөлөөр хэлэлцэгдэхгүй байх талаар хичээж ажилладаг, Хэвлэлийн Зөвлөлийг өөрсдийнх нь үйл ажиллагаанд “хоточ нохой” болж тусладаг хэмээн үздэг гэнэ.

 

Монголын Хэвлэлийн Зөвлөлийн гишүүдийн очсон гол зорилго нь  Германы хэвлэлийн зөвлөлийн гомдол хэлэлцэх хуралд сууж, хэрхэн хэлэлцэж байгаа талаар туршлага судлах байсан юм.

Тэдний суусан хурал өглөөний 9 цагаас эхэлж, үдийн нэг цагийн завсарлагатайгаар 17 цагт дуусч, яг хугацаандаа 100 гомдлыг хэлэлцсэн байна. Хэвлэлийн зөвлөлийн гишүүд нь иргэдээс ирсэн гомдлуудыг маш сайн судалж бэлтгэлтэй ирдэг ба ихэнх асуудал дээр санал нэгдэж шийдвэрүүдээ гаргасан. Шийдвэрүүдээ гаргасан даруйдаа олон нийтэд мэдээлэл өгдөг ба онлайн мэдээллийн хуудас дээрээ нэгтгэж тавьдаг байна.

Тэдний цахим хуудас маш их хандалттай байдаг аж. Хэвлэлийн зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй иргэн шүүхэд хандах тохиолдол байдаг ч ихэнхи тохиолдолд Хэвлэлийн зөвлөлийн шийдвэр нь бодитой гардагийг шүүх нь ч туршлагаасаа мэддэг болсон байна.

Олон жилийн туршлагатай Германы Хэвлэл мэдээллийн зөвлөлийн шийдвэрийг Хэвлэл Мэдээллийн байгууллагууд нь, иргэд нь ч хүлээн зөвшөөрч, тэднийг харилцан ойлголцолд хүргэх чухал байгууллага гэж үздэг нь ардчилал хөгжсөн энэ орны нэгэн том соёл нь болохыг МХМЗ-ийн гишүүд онцолсон юм.

Тэдний үйл ажиллагааны зарчим, дэг жаяг, бүтэц орон тоо, санхүүжилт гээд бүхий л зүйлийг олон талаас нь судалж өөрийн орныхтойгоо харьцуулан дүгнэсэн Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн гишүүдийн богинохон боловч үр дүнтэй аяллаас товхон сонирхуулахад ийм байна. Дараагийн дугааруудаар илүү дэлгэрэнгүйг хүргэх болно.

 

Санал хүсэлт өгөх