Мэдээ, мэдээлэл

   2019-05-09
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛСАН УРИАЛГА

2020 оны зургадугаар сард УИХ-ын ээлжит сонгууль болно. Сонгуулийн кампанит ажил болгон мэргэжлийн сэтгүүл зүйд ээлжит сорилт болж, тэр хэрээр өндөр шаардлага тавигддаг.

Сүүлийн жилүүдэд сошиал медиа гэж яригддаг олон нийтийн сүлжээний талбар улам бүр тэлж, иргэдийн мэдээлэл хүлээн авах гол сувгийн нэг боллоо. Олон нийтийн сүлжээ нь тэр чинээгээр онцгой талбар болоод байна. Интернэт орчин нь уламжлалт сэтгүүл зүйтэй харьцуулбал мэдээ, баримтаа нягтлан шалгалгүйгээр түгээх, хувь хүний нэр хүндэд халдах нөхцлийг бий болгож байна.

Нийгмийн сүлжээ эрчтэй тархсан сүүлийн сонгуулиудын сурталчилгааны кампанит ажлын мониторингийг хийсэн ажиглагчид энэ үеэр хэвлэлийн зах зээлийн зарим тоглогчид ёс зүйгээ баримтлахыг гол чигээ болгохгүй байгааг тэмдэглэсэн.

Сэтгүүлчийн мэргэжлийн ёс зүйг баримтлах нь сэтгүүлчийн байнга санаж, мөрдөж байх алтан дүрэм. Энэ дүрэм ямар ч нөхцөлд, тэр тусмаа сонгуулийн кампанит ажлын үеэр ажиглагддаг мэдээллийн ширүүн “дайн”-ы үед ч мөрдөгдөж байх учиртай. Мэдээлэл түгээж байгаа талбараас /уламжлалт мэдээллийн хэрэгсэл болон олон нийтийн цахим сүлжээ/ үл хамааран ёс зүйн зарчмууд мөрдөгдөх учиртай.

Нөгөө талаар хэвлэл мэдээллийн ёс зүй гэдэгт редакцийн бэлтгэсэн мэргэжлийн контентийн агуулгаас үзэл суртал /PR/ шингэсэн мэдээллийг тодорхой тэмдэглэн зааглаж, хэрэглэгчийг төөрөгдүүлэхгүй байх зарчим мөн багтана.

Хэвлэл мэдээллийн зөвлөл олон нийтийн сүлжээний орчинд ч хуурамч, бодит бус мэдээллийг түгээх, цааш нь дамжуулахгүй байхыг үүргээ гэж үздэг. Энэ үүргээ мөрдөх нь олон нийтийн мэдэх эрхийг хангаж, ардчилсан нийгэмд хэвлэл мэдээлэл өөрийн үүргээ гүйцэтгэж байгаа гэсэн үг юм.

Иймээс Хэвлэл мэдээллийн зөвлөл нь Гомдол хүлээж авах, барагдуулах журамдаа сонгуулийн санал хураалт эхлэхийн өмнө сурталчилгаа шувтрах үед гарсан гомдлыг хүлээн авч шийдвэрлэх зохицуулалтыг хийлээ. Сонгуулийн сурталчилгаа шувтрах үед хэвлэл мэдээлэл ёс зүйн алдаатай мэдээлэл тараасан эсэхийг хэрэглэгчид мэдэх эрхтэй учраас энэхүү заалтаар Ёс зүйн зарчмаа баяжууллаа.

Шинэ заалтад “Хэвлэл мэдээлэл нь сонгуулийн санал хураалтаас өмнө буруутгагдсан этгээдийг тайлбар хийх боломжгүй хугацаанд нэр дэвшигчийн талаар мэдээлэл түгээхээс зайлсхийнэ” гэсэн зарчим юм. 
Ингэснээр Монголын сэтгүүлчдийн баримтлах Ёс зүйн зарчим 10 заалттай болж байгаа юм.


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд