Мэдээ, мэдээлэл

   2019-01-21
ГҮТГЭХ ЗӨРЧЛИЙН ЗОХИЦУУЛАЛТААР САНАЛ СОЛИЛЦОВ

Энэ сарын 16-ын өдөр Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд заасан Гүтгэх зөрчлийн зохицуулалтын талаар сэтгүүлч, олон улсын эксперт, хуулийн салбарын төлөөллүүд дугуй ширээний уулзалт хийлээ. Уулзалтын үеэр гүтгэх зөрчилд хэвлэл мэдээллийн салбарынхан илүү их өртөх нь олон нийтийн мэдэх эрх болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлахад нөлөөлж  байгаа талаар оролцогчид санал нэгдэв.

МУИС-ийн профессор, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан илтгэлдээ “Гүтгэх, доромжлох зөрчлөөр ихэвчлэн улс төрийн эрх мэдэлтнүүд гомдол гаргаж байна. Сэтгүүлчид нууц эх сурвалжаас баримт, мэдээлэл авсан хэдий ч үүнийг нотолж шалгуулах  боломж хомс байдгаас зөрчлийн тухай хуулиар торгуулах нь бий. Тиймээс энэ шийдвэрийн эсрэг баримттай бол шүүхэд хандах нь нээлттэй. Ер нь цагдаагийн  байгууллага зөрчлийг шалгаж буй зохицуулалтыг өөрчилж, шүүхээр шийддэг болох нь зүйтэй”  хэмээн дурьдсан юм.

Уулзалтын үеэр гүтгэх, доромжлох зөрчлийн хуулийн зохицуулалтыг сайжруулахын тулд тогтмол хуульчидтай санал бодлоо солилцож, шүүгчдийг үзэл бодлоо илэрхийлэх, олон нийтийн эрхэд мэдрэмжтэй ханддаг болгох хэрэгтэй талаар Германы хэвлэлийн зөвлөлийн орлогч дарга Манфред Протце зөвлөж байна. Тэрбээр “Гомдол гаргагч нь ямар албан тушаалтан байгааг анхаараарай. Хэрэв тэр хүн эрдэмтэн бол, энэ хүний бүтээлийг шүүмжлэх нь доромжлол биш. Эрх мэдэлтнийг албан тушаалтай нь холбож шүүмжилвэл хувь хүнийг доромжилж байгаагаас ялгаж салгах хэрэгтэй. Энэ үед сэтгүүлчийн бүтээл нь хэн нэгэн хүний хувийн амьдралыг биш нийтийн эрх ашгийг хамгаалж буй гэдгийг анхаарч үзэх нь зүйтэй” гэв.

2018 оны эхний арван сарын байдлаар Манай улсад нийт 374 гүтгэх зөрчил цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 57 иргэн болон хоёр хуулийн этгээдийг нийт 118 сая төгрөгөөр торгосон аж.

Зөрчлийн тухай хуулийн 6.21 дүгээр зүйлд “Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсхүл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байдаг.


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд