Мэдээ, мэдээлэл

   2018-11-16
Сэтгүүлчдийн ялгарал бол ёс зүй - “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум 2018”

Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлөөс “Сэтгүүл зүйн Ёс зүйн Форум 2018”-ыг энэ сарын 23-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Хоёр дахь жилдээ уламжлал болон зохиогдож буй тус форумаар энэ жил мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе, тэр дундаа цахим орчны хөгжилтэй холбоотой асуудлыг хөндсөн нь онцлог байлаа.

Тэр ч утгаараа форумаар мэргэжлийн сэтгүүл зүй цахим эрин үед ямар байх ёстой, мэргэжлийн ёс зүй энэ үед ямар үүргийг гүйцэтгэх вэ, сэтгүүлчид сошиалчдын ялгаа нь юун дээр харагдах вэ гэх мэт асуудлаар илтгэл хэлэлцүүлсэн. Бүтэн өдөр үргэлжилсэн тус форумд салбарынхан тун идэвхтэй оролцсон бөгөөд тэргүүн илтгэлийг Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа "Цахим сайтууд болон нийгмийн сүлжээн дэх “үзэн ядалтын үг хэллэг”-ийн хандлага" сэдвээр тавьсан юм. Мөн форумд олон улсын төлөөллүүд ирсэн. Тухайлбал,

  • "Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе" - Илтгэгч Олон улсын харилцааны ёс зүйн Карнегийн консулд ахлах судлаач, Проф, доктор Александр Гоерлах
  • "Цахим хэвлэлийн өөрийн зохицуулалтын олон улсын туршлага ба ёс зүй" - Илтгэгч Германы Хэвлэлийн Зөвлөлийн орлогч дарга, хэвлэлийн төлөөлөгч асан, Ноён Манфред Протце нар олон улсын туршлагаас хуваалцсан юм.

Тэдний илтгэл тун сонирхолтой байсан төдийгүй сэтгүүлчдийн ёс зүйн хувьд хэд хэдэн асуудлыг хөндсөн нь оролцогчдын дунд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ноён Манфред Протце илтгэлийнхээ үеэр Сэтгүүлчид цахим орчинд хувийн үзэл бодлоо илэрхийлж болох уу гэдэг талаар санал бодлоо хуваалцсан. Түүний хэлснээр “Мэдээж хувийн данстай байж болно, харин хоёр өөр тодорхойлолттой байж болохгүй. Нийгмийн сүлжээнд ч ёс зүйн дүрэм хүчинтэй” гэв. Товчхондоо хэрвээ та ямар нэгэн редакцид хамаардаг сэтгүүлч л бол хувийн үзэл бодлоо цахим орчинд илэрхийлж болохгүй гэсэн юм. Харин үүнтэй зарим сэтгүүлчид санал нийлэхгүй байгаагаа хэлсэн. Хэдий тийм боловч Монголын сэтгүүл зүйн салбартаа тэргүүлэгчид энэ төрлийн зохицуулалтыг редакцийн бодлогодоо хэдийнэ оруулаад эхэлсэн аж. Тухайлбал,  “Gogo” болон “Ikon” сайт, “Bloomberg”,  “NTV”, “Eagle” телевиз гэсэн таван хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сүлжээнд ажиллах дүрэм журамтай байна. Эдгээр журамд сошиал орчинд редакцийн ёс зүйн зарчмыг ижил баримтална гэдгийг нийтлэг тусгаж өгсөн  байдаг талаар “GoGo” сайтын Ерөнхий редактор О.Ариунбилэг өөрийн илтгэлдээ онцолсон.

Форумын 2 дахь хагаст цахим орчин, сэтгүүл зүйн салбарын ялгарлын талаарх сэдвүүдийг хөндлөө. Дижитал эрин үед мэргэжлийн сэтгүүл зүйн ёс зүйд тулгарч буй асуудал, бэрхшээл, түүнийг даван туулах арга замуудын талаар энэ үеэр хэлэлцсэн юм. Тодруулбал, мэргэжлийн сэтгүүл зүй нийгмийн сүлжээнээс хэрхэн ялгарах вэ, цахим орчинд хэвлэл мэдээллийн байгууллага өөрийгөө зохицуулж буй дотоод, гадаадын боломж туршлага хийгээд нийгмийн сүлжээнд сэтгүүлчдийн манлайлал сэдвүүдээр салбар хэлэлцүүлгүүд өрнөлөө. 

Цахим хэрэглээгээр Азидаа дээгүүр орж яваа манай улсын хувьд фэйсбүүк, твиттер хэрэглэгчид сэтгүүлчидтэй адилхан нөлөөг нийгэмд үзүүлж байгаа эсэх талаар талууд мэтгэлцсэн. Үүнтэй холбоотой Монгол Улс 3 сая сэтгүүлчтэй боллоо гэдэг яриа хүртэл гарсан. Тэгвэл мэргэжлийнхэн үүнтэй санал нийлэхгүй байна. Учир нь мэргэжлийн сэтгүүл зүй гэдэг бол зөвхөн мэдээлэл дамжуулах бус сэтгүүл зүйн бүтээл бүтээдэг гэдгийг талууд онцолсон. Гэхдээ цахим хэрэглэгчдээс ялгагдахааргүй сэтгүүлчид байдаг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм. Адаглаад гал гарлаа гэдэг мэдээллийг хэн нэгэн цахим хэрэглэгч зурагтай нь өөрийн хуудастаа мэдээллээ гэхэд тэр мэдээллийг нягтлахгүй, баяжуулахгүй гаргах тохиолдол байдаг гэв. Тиймээс цахим ертөнц хурдацтай хөгжиж байгаа энэ үед сэтгүүлчид шуурхай байна гээд шүүрхий мэдээлэл олон нийтэд түгээж болохгүй гэдэгтэй салбарын төлөөллүүд санал нэгдсэн юм. МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Батбаатар  "Сэтгүүлчид нийгмийн сүлжээнээс ялгаралаа бий болгох модыг тарих ёстой”. Энэ ялгарал нь ёс зүй, чанар гэх мэт олон агуулгыг өөртөө багтаана. Дижитал эрин үе бол хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд цунами. Цунамид өртөхгүйн тулд мод тарьдаг” гэв. Мөн цахим орчныг аюул бус боломж гэж харах нь сэтгүүл зүйн салбарт чухал нөлөөтэйг ч форумд ороцогчид онцолсон.

Ёс зүйн форумын үеэр хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөгчид салбарын өөрийн зохицуулалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн чанарын баталгаа болно гэдэгтэй санал нэгдэж, өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжихээ илэрхийлж хэд хэдэн редакциуд санамж  бичиг байгуулсан.

ХМЗ-өөс “Цахим орчинд “зохиомол олон нийт” бий болж, сэтгүүлчийн бэлтгэсэн контент болон нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээллийн зааг ялгаа бүдгэрч байна. Энэ цагт сэтгүүл зүйн салбарынхан нийгмийн сүлжээнээс ялгарах гол чиг шугам нь ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ бөгөөд үүгээрээ нийгмийн сүлжээнд ч үлгэрлэн манлайлахыг НИЙТ СЭТГҮҮЛЧИДДЭЭ уриалж байна” хэмээн форумын төгсгөлд уриалга гаргасан байна.


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд