Мэдээ, мэдээлэл

   2018-10-29
УРИАЛГА

“Мэргэжлийн сэтгүүл зүй ба дижитал эрин үе” сэдэвт сэтгүүл зүйн ёс зүйн хоёрдугаар форумын үеэр Хэвлэл Мэдээллийн Зөвлөл болон форумд оролцогч цахим сайтуудаас энэхүү уриалгыг гаргаж байна. 

Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дижитал эрин үе улам бүр тэлж буй тул мэргэжлийн сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн үүрэг, хариуцлага өсөн нэмэгдсээр байна.

Дижитал эрин үе нь иргэн хоорондын харилцаанд төдийгүй сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд эерэг, сөрөг талуудыг зэрэгцүүлэн авчирч байна. Цахим орчинд “зохиомол олон нийт” бий болж, сэтгүүлчийн бэлтгэсэн контент болон нийгмийн сүлжээгээр тархаж байгаа мэдээллийн зааг ялгаа бүдгэрч байна. Энэ цагт сэтгүүл зүйн салбарынхан ёс зүйн дүрэмгүй нийгмийн сүлжээнийхнээс ялгарах гол чиг шугам нь ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЁС ЗҮЙН ЗАРЧИМ бөгөөд үүгээрээ нийгмийн сүлжээнд ч үлгэрлэн манлайлахыг  НИЙТ СЭТГҮҮЛЧИДДЭЭ уриалж байна.

Цахим орчинд хэрэглэгчид нэрээ нууцлах эсвэл нэрээ нууцалсан мэт харагдах боломжтой учраас хүн ёсны харилцаанаас давж дур зоргоор аашлах байдал руу хальтирч байна. Иймд сэтгүүлчид нийгмийн сүлжээнд нэрээ нууцлахгүй, ялгаварлан гадуурхахгүй, зохиогчийн эрхийг зөрчихгүй, олны сонирхлын биш хэлэлцүүлэгт оролцохгүй, үзэн ядах үг хэллэгийг түгээхгүй байх, улмаар редакцууд сэтгүүлчдийнхээ нийгмийн сүлжээтэй хэрхэн харьцах РЕДАКЦИЙН ДОТООД ДҮРЭМ, ЖУРМЫГ мөрдөж эхлэхийг зөвлөж байна.    

Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь мэргэжлийн сэтгүүл зүйн чанарын баталгаа болох тул Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн үйл ажиллагааг бэхжүүлэхэд редакцуудад ОЙЛГОЛЦОЛ, ХАМТЫН ДЭМЖЛЭГЭЭ улам хүчирхэгжүүлэхийг уриалж байна.  

Уриалгад нэгдсэн:

Хэвлэл Мэдээллийн Зөвлөл

News.mn

GoGo.mn

iKon.mn

zindaa.mn

peak.mn


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд