Мэдээ, мэдээлэл

   2018-06-14
Мэдээнд үзэл бодол оруулсан нь ёс зүйн алдаа болжээ

Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Ёс зүйн хороо 24 news.mn сайтад хаягласан гомдлыг нягтлан хэлэлцээд тус нийтлэл нь сэтгүүлзүйн мэргэжлийн шаардлагыг хангаагүй, бодит эх сурвалжгүй, мэдээллийг нягтлан шалгаж, эх сурвалжаар баталгаажуулаагүй, мэдээнд үзэл бодлоо оруулсан байна гэж дүгнэлээ.

Тиймээс 24 news.mn сайтын редакцийг “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ын 1.1-д заасан “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэснийг, 1.2-д заасан “Эх сурвалжийн баталгаатай эсэхийг нягталж, тодорхой дурьдахыг эрмэлзэнэ” гэснийг, 1.5-д заасан “Нөлөөллийн болон мэдээллийн бүтээлийг ялгаж, мэдээнд үзэл бодол оруулахаас  татгалзана.” гэснийг тус тус зөрчсөн гэж Ёс зүйн хороо үзэв.

Хэдийгээр 24 news.mn сайт энэхүү нийтлэлээр хөндсөн асуудал нь олон нийтийн эрх ашгийг хөндсөн сэдэв тул өөрийн сайтад нийтлэсэн гэсэн хариу тайлбар өгсөн ч мэдээллийг нягтлан шалгаж, олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх нь сэтгүүл зүйн үйл ажиллагааны үндсэн зарчим юм.

Энэхүү гомдлыг Үлэмж Гросерс (Гүүд Прайс дэлгүүр) ХХК-аас 24 news.mn сайтад 2018 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр нийтлэгдсэн “Гүүд Прайс дэлгүүр үйлчлүүлэгчдээ баян ядуугаар нь ялгаад байна уу” гарчигтай нийтлэлд хаяглан ирүүлсэн. Энэхүү нийтлэлийг нөхцөл байдал, нарийн учрыг тодруулалгүй, асуудалд мэргэжлийн бус, ёс зүйгүй хандаж, хэт нэг талын мэдээллээр байгуулагынх нь нэр хүндэд халдсан байна гэж тус компани гомдсон аж.

ХМЗ-ийн сонин, сэтгүүл, сайтын Ёс зүйн хороо зургадугаар сарын 7-ны өдрийн ээлжит хурлаараа дээрх гомдлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан юм.

 

Эх сурвалж: Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ажлын алба


Сэтгэгдлийг ачааллаж байна ...

Бидэнд шинээр гомдол мэдүүлэх

Гомдол гаргах

Шийдвэрлэсэн гомдлын шийдвэр хайх

Гомдлын шийдвэрүүд