Европын хэвлэлийн зөвлөлүүдийн чуулга уулзалт болно

2018-06-08

Европын Хараат бус Хэвлэлийн Зөвлөлүүдийн Нийгэмлэг (AIPCE)-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хэвлэл Мэдээллийн Зөвлөлүүдийн Чуулга Уулзалт” энэ оны 10 дугаар сард Финландын нийслэл Хэлсинки хотноо болно.  Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл нь өнгөрсөн оноос тус нийгэмлэгийн ажиглагч гишүүнээр элсэж, өрнөдийн орнуудын өөрийн зохицуулалтын олон жилийн туршлагаас суралцах, харилцан мэдээлэл солилцох боломжтой болсон юм.  

Одоогоор тус нийгэмлэгт Европын 45 орны хэвлэлийн зөвлөлүүд гишүүнээр нэгдсэн бөгөөд жил бүр үйл ажиллагаагаа дүгнэж, ололт амжилт, хүндрэл бэрхшээлээ хамтдаа хэлэлцдэг. Энэ оны хурал 10 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд “Алгоритм ба хэвлэл мэдээллийн ёс зүй” сэдвийн дор болж, дэлхийн өнцөг булан бүрээс хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллагын төлөөллүүдийг оролцохыг урьжээ.

Жил бүрийн хуралд оролцсоноор бид дэлхий дахины туршлагаас суралцаж, олон улсын хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломж бүрдэнэ. Тиймээс энэ жилийн хуралд ХМЗ төлөөллөө оролцуулах боломжийг хайж байгаа хэмээн ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа мэдэгдлээ. 

    

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх