Германы хэвлэл мэдээллийн байгууллагуудаар зочиллоо

2018-05-14

Берлинд болсон “Хэвлэл мэдээллийн үүрэг ба үр нөлөө” сэдэвт хөтөлбөрт хамрагдсан олон улсын сэтгүүлч, иргэний нийгмийн төлөөллийнхөн эхний өдрөө Германы хэвлэл мэдээллийн системийн тухай цогц мэдээлэл сонсож, Дойче Вэллэ болон олон нийтийн өргөн нэвтрүүлгийн ARD  телевизээр зочиллоо.

Дойче Вэллэ (Deutsche Welle) нь Европод төдийгүй дэлхий даяар сүлжээ бүхий хэвлэл мэдээллийн гол тоглогчдын нэг юм. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уг байгууллага нь радио, телевиз, цахим хэвлэлийн үйл ажиллагаа эрхлэхээс гадна Дойче Вэллэ Академиар (DW Akademie) дамжуулан дэлхий даяар хэвлэлийн эрх чөлөөг бэхжүүлэх, хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байна. Дэлхийн 60 гаруй оронд 3000 гаруй орон тооны болон сайн дурын ажилтнуудтайгаар 157 сая хэрэглэгчдэд хүрч ажиллаж байна. Тухайлбал, 85 сая ТВ үзэгч, 36 сая радио сонсогч мөн 36 сая онлайн хэрэглэгчдэд хүрч үйлчилдэг аж.

Дойче Вэллэгийн хэвлэлийн төлөөлөгч ноён Кристоф Жампэлт “Хуурамч мэдээлэл газар авсан өнөө үед хэрэглэгчдийн 96 хувь нь Дойче Вэллэг хамгийн найдвартай эх сурвалжаар нэрлэдэг” хэмээн мэдэгдлээ.

Германд 400 гаруй радио суваг, 200 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр мэдээллийн сувгууд бүгд цахим хувилбартай. Үүний зэрэгцээ хэвлэмэл сонин үеэ өнгөрөөх бус хэрэглэгчдийнхээ тоог алдахгүй тэдэнд үнэ цэнэтэй хэвээр байна. Өргөн нэвтрүүлгийн ARD  сүлжээ байгууллага нь олон нийтээс санхүүжиж, Германы муж бүр дэх салбар нэгжүүдээрээ дамжуулан олон нийтэд үйлчилж байна.

Хэвлэл мэдээллийн олон ургалч байдлыг бэхжүүлэхэд ARD чухал үүрэг гүйцэтгэж байгааг тус нэгдлийн сэтгүүлч Арина Реймэрс уулзалтын үеэр онцолсон юм. Хатагтай Арина Реймэрс ARD олон нийтийн телевизийн Бээжин, Сингапур дахь сурвалжлагчаар ажиллаж байгаад 2016 оноос Берлин дэх төвд ажиллах болжээ. Тэрээр бидэнд үзэгчдээс нэвтрүүлэг, мэдээний сэдвийн захиалга ирэхээс бус улс төр, эдийн засгийн бүлгээс аливаа дарамт шахалт байдаггүй нь Азийн орнуудаас давуу байдлыг сэтгүүлчдэд олгодог хэмээв. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх