“Хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэг ба үр нөлөө” хөтөлбөрт оролцов

2018-05-14

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ХБНГУ-ын Гадаад харилцааны яамнаас дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн төлөөллийг оролцуулсан “Мэдээллийн аялал” хөтөлбөрийг амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн хөтөлбөр нь “Хэвлэл мэдээллийн нийгэмд гүйцэтгэх үүрэг ба үр нөлөө” сэдвийн дор болж олон сонирхолтой уулзалт, редакцийн аялал, соёлын арга хэмжээ багтаасан байна.

Энэхүү аялал 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 5 хүртэл үргэлжилсэн бөгөөд Монгол улсыг төлөөлж Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа оролцов. Тэрээр хэвлэл мэдээлэлд тулгарч буй глобал асуудлууд болох нийгмийн мэдээллийн сүлжээ, хуурамч мэдээллийн талаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлэх, мөн бусад орнуудын мэдлэг, туршлагаас суралцах боломжийг уг хөтөлбөр олгож байгааг онцолсон юм.

Уг хөтөлбөрт сэтгүүлчдээс гадна иргэний нийгмийн төлөөлөл, хүний эрхийн тэмцэгчдийн холимог баг бүрдсэн бөгөөд олон янзын түүх соёлтой улсуудын төлөөлөл тухайлбал Молодов, Украйн, Косово, Венэсуэл, Бразил, Болива, Палестин, Итали, Иран, Ажарбайжан, Киргизстан гээд нийт 17 орны төлөөлөл оролцжээ.

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх