Хэвлэлийн ёс зүйн талаар мэргэшсэн Олон улсын экспертүүд Монголд ажиллаж байна

2018-05-01

Германы Хэвлэлийн Зөвлөлийн гишүүн, Олон улсын эксперт Манфред болон DW академийн Монгол дахь төслийн менежер Патрик Бэнинг нар Монголын Хэвлэл Мэдээллийн зөвлөлийн урилгаар Монголд 7 хоног ажиллаж байна.

Энэ хүрээнд Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Ёс зүйн хорооны гишүүд болон шинээр сонгогдсон гишүүдэд Сэтгүүл зүйн ёс зүйн талаар 2 өдрийн сургалт хийсэн юм.

Тус сургалтын үеэр Монголын Хэвлэл мэдээллийн салбарт гарсан бодит жишээнд тулгуурласан сонирхолтой кейс, дасгалыг ажилласан нь Ёс зүйн хорооны гишүүдэд илүү туршлага олгосон, асуудлыг өөрийн орны нөхцөлд тулгуурлан бодитоор шийдвэрлэх боломжийг олгосноороо давуу талтай байлаа.

Түүнчлэн экспертүүд маань Хэвлэл Мэдээллийн зөвлөлийн Удирдах зөвлөлийн гишүүд, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх шинжтэй зөрчлийн хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын удирдлагууд, Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиож байгаатай холбогдуулан Хэвлэл мэдээллийн эвслийн хамт УИХ-ын зарим гишүүд, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн төлөөлөгчид, Редакцийн төлөөлөл болгож NTV телевиз буюу Медиа группын хамт олон, Сэтгүүл зүйн чиглэлийн Их, Дээд сургуулийн багш, оюутнуудтай чөлөөт уулзалт, ярилцлагуудыг хийж, туршлага солилцон, мэдээлэл зөвлөгөө өгсөн юм.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх