“Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт cеминар, хэлэлцүүлэгт оролцлоо

2018-03-28

             Харилцаа холбооны зохицуулах хороо /ХХЗХ/-ны “Өргөн нэвтрүүлэг ба хүүхэд хамгаалал” сэдэвт хэлэлцүүлэг 3 дугаар сарын 22-ны өдөр болж өнгөрлөө. Тус арга хэмжээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг өргөн нэвтрүүлгийн телевизүүдийн программын албаны дарга нар, Харилцаа холбооны зохицуулах хорооны төлөөллүүд болон “Гэрбүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв” болон “Хэвлэл мэдээллийн зөвлөл” зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцсон юм.

            Өргөн нэвтрүүлгийн телевиз болон цахим орчинд цацагддаг контентууд нь бага насны хүүхэд болон өсвөр үеийнхний сэтгэлзүй, оюун ухаан, ёс суртахуун, төлөвшлийг тодорхойлдог. Тиймээс зүй зохисгүй контентоос залуу үеэ хамгаалах зайлшгүй шаардлага байгаа талаар мэргэжилтнүүд санал нэгдсэн бөгөөд энэ талын зохицуулалтуудын талаар хэлэлцсэн юм. Нөгөө талаар хүүхдийн сурвалжлага, нэвтрүүлгийг бэлтгэхэд сэтгүүл зүйн ёс зүйг баримтлах шаардлагатай талаар талууд онцоллоо. Тухайлбал, хүүхдийн аюулгүй байдлыг хангах, мэдээлэл болон дүрс зургийг зохистой ашиглах, кино, нэвтрүүлэгт хүүхдийн насны ангиллын тэмдэгт ашиглах зэрэг хүүхэд хамгаалахад сэтгүүлчдийн болон мэргэжлийн байгууллагаас баримтлах ёс зүйг анхаарч ажиллах нь чухал болохыг оролцогчид онцлов.

            “Өргөн нэвтрүүлэг ба Хүүхэд хамгаалал” сэдэвт семинарт Хэвлэл мэдээллийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа болон ХМЗ-ийн удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир нар оролцож, Хэвлэл мэдээллийн ёсзүйн зарчим, тэр дундаа хүүхэд хамгаалах чиглэлийн ёс зүйн заалтуудын талаар илтгэл хэлэлцүүлж, телевиз, цахим орчинтой холбоотой иргэдээс ирсэн гомдол шийдвэрлэлтийн талаар бодит жишээнүүд танилцуулав.

            Семинарын төгсгөлд ХХЗХ-оос гаргасан “Өргөн нэвтрүүлгийн хөтөлбөрт хүүхэд хамгаалах чиглэлээр баримтлах зөвлөмж”-ийг хүлээн авч, телевизүүд өөрийн хөтөлбөрөөр гаргах контентийн хэм хэмжээг тогтоосон “Хөтөлбөрт мөрдөх дүрэм”-ээ боловсруулан мөрдөхөд анхаарч ажиллахаар боллоо. 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх