Өргөн нэвтрүүлэг, цахим мэдээллийн салбарт ёс зүйн сайн туршлагыг нэвтрүүлнэ

2018-02-23

 

 

Өргөн нэвтрүүлгийн болон цахим хэвлэл мэдээллийн салбарт ёс зүйтэй, хариуцлагатай, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэх, хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын сайн туршлагыг нэвтрүүлэхэд Хэвлэл мэдээллийн зөвлөл болон Харилцаа холбооны зохицуулах хороо хамтран ажиллахаар болж тус зөвлөлийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа болон хорооны дарга С.Адъяасүрэн нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд хоёр байгууллага хамтран ТВ, радио, цахим сайтын эзэд, редакц, сэтгүүлчдийг хамруулсан цуврал сургалт семинар, уулзалт ярилцлага, хэлэлцүүлгийг тогтмол зохион байгуулах юм байна. Түүнчлэн хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын нийгэмд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаар ойлголт, мэдлэгийг олон нийтэд түгээн сурталчлах ажээ.

“Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлч, редакцид мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг нь сахиулах үүргийг нийгмийн өмнө хүлээдэг. Гэхдээ үүнд эрх зүйн таатай орчин бас шууд нөлөөтэй. Иймээс өргөн нэвтрүүлгийн болон цахим хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах талаар бид санамж бичгийн хүрээнд хамтран ажиллана” хэмээн ХМЗ-ийн Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа онцоллоо.

Энэхүү санамж бичгийн дагуу талууд жил бүр төлөвлөгөө гаргаж, хамтран ажиллахаар тохирсон байна. Энэ оны төлөвлөгөөг нэгдүгээр улиралд багтаан гаргаж хэрэгжүүлж эхлэх юм байна.

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх