Орон нутгийн сэтгүүлчид өөрийн зохицуулалтын байгууллагаа дэмжиж эхэллээ

2018-02-21

             Иргэдийн гомдлыг шуурхай хүлээн авах, ёс зүйн алдаатай сэтгүүл зүйн бүтээлийг хэлэлцэн шийдвэрлэх үйл явцыг дэмжиж орон нутгийн хэвлэл мэдээллийн редакцууд Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд  сар бүр санхүүжилт үзүүлэхээ албан ёсоор илэрхийлж санамж бичиг үзэглэлээ.

                   Сэтгүүл зүйн салбарын өөрийн зохицуулалтын байгууллагаа ийнхүү дэмжсэнээр бид Монгол улсын өнцөг булан бүрт байгаа иргэдийн мэдэх эрхийг хамгаалах, хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа  хэрэг хэмээн Орон Нутгийн Хэвлэл Мэдээллийн Холбооны тэргүүн С.Шаравдорж санамж бичигт гарын үсэг зурах үеэр онцоллоо.

                “Хэвлэл мэдээллийн зөвлөл нь сэтгүүлчдийн мэргэжлийн хэм хэмжээг хэвшүүлж мөрдүүлж байгаа учир манай холбоо дэмжиж ирсэн. Өнгөрсөн хоёр жилд бид хамтран Өмнөговь, Увс, Дорнод, Орхон аймгийн сэтгүүлчид болон иргэдэд хүрч ажилласан бол энэ онд Хөвсгөл, Дорноговь аймагт очихоор төлөвлөж байна. Харин энэ удаад орон нутгийнхаа 100 гаруй хэвлэл мэдээллийн редакцийг төлөөлж салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын төлөвшилд бодит дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж байна” гэж тэрээр ярилаа.

                     Хэвлэл мэдээллийн зөвлөлийг төлөөлж Гүйцэтгэх захирал Г.Гүнжидмаа “Орон нутгийн сэтгүүлчид ёс зүйдээ анхаарч байгаад баяртай байна. Бид хамтдаа хийх олон ажил бий. Өнгөрсөн хугацаанд Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс орон нутгийн сэтгүүлчдийн төлөөллийг ХБНГУ болон Австри улсад болсон сургалт, аялалд оролцуулсан. Цаашид уулзалт, хэлэлцүүлэг, сургалт зөвлөлгөөнөөр дамжуулан орон нутгийн сэтгүүлч, редакцийг бид дэмжиж нягт хамтран ажиллах болно” хэмээв.

               2017 оны эхний байдлаар Монгол улсын 21 аймагт нийт 23 сонин, 26 радио, 63 телевиз үйл ажиллагаагаа явуулж, тэдгээрт 500 орчим хүн ажиллаж байна.

 

 

 

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх