ШҮҮГЧ, ПРОКУРОРУУДАД ЗОРИУЛСАН АНХНЫ СУРГАЛТ БОЛЛОО

2018-01-12

МХМЗ-өөс шүүгч, прокуроруудад зориулсан анхны сургалтаа Налайх дүүрэгт энэ сарын 09-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн сургалтанд Налайх болон Багахангай дүүргийн 20 орчим шүүгч, прокурор, тэдгээрийн туслахууд оролцсон юм.

 МХМЗ-өөс хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын хэрэгцээ шаардлага, онцлогийн тухай танилцуулж, өнгөрсөн хугацаанд тус зөвлөлд ёс зүйн алдаатай хэмээн иргэдээс ирүүлсэн гомдлын жишээн дээр хэлэлцүүлэг өрнүүлэв. Оролцогч шүүгч прокурорууд ёс зүйн алдаанд хамаарч буй хувь хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой мэдээллийг эрх зүйн үүднээс тайлбарлаж, улмаар Зөрчлийн тухай хуулийн талаар санал бодлоо нээлттэй  солилцсон юм. Сургалтанд МХМЗ-ийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир, Радио телевизийн ёс зүйн хорооны гишүүн Д.Батчимэг, Ажлын албаны мэргэжилтэн Б.Алтай нар оролцоонд тулгуурласан сургалтын арга зүйг ашиглан, шинэлэг байдлаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.