СУРГАГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

2017-11-14

МХМЗ-өөс ХБНГУ-ын DW Академийн дэмжлэгтэйгээр “Сургагч бэлтгэх сургалт”-ыг 2017 оны 10 дугаар сарын 31-нээс 11 дүгээр сарын 03-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Сургагч DW Академийн туршлагатай багш Лена Элтэр, орчуулагчаар Х.Ариунчимэг нар ажилласан бөгөөд сургалтанд нийслэл болон орон нутгаас нийт 12 оролцогч хамрагдаж сертификатаа гардан авлаа.

Сургалт явуулах анги, танхимын бэлэн байдлыг хангах нь сургалтын хамгийн эхэнд анхаарах зүйл юм.  Лена багш Улаанбаатар буумагцаа сургалт явагдах өрөөг өөрийн биеэр үзэж, сургалтын турш өглөө бүр эртлэн ирж бэлтгэлээ хангаж байлаа.

Багш оролцогч нэг бүрийг угтан авч халуун дотноор мэндчилэн танилцсан. Мөн оролцогчдынхоо талаар богино хугацаанд илүү их зүйл мэдэх аргуудыг зааж үзүүлсэн. Тухайлбал газарт наалддаг тууз нааж  тэмдэглээд оролцогчдыг өөр өөрсдийн төрсөн газраа зогсохыг хүссэн юм. Үүний дараа хүн нэг бүрээс төрсөн газрынхаа онцлог сайхан зүйлийг ярьж өгөхийг хүссэн. Оролцогчид маань өмнө нь огт мэдээгүй байсан нутаг нэгтнээ мэдэж авч, өөрсдийн нутгийн сайхныг ярихаас гадна бүр зарим нь нэгнийхээ ярианд сэтгэл нь хөдөлснөө нууж ядаж байлаа.  

Биесээ мэдэх бас нэгэн арга нь багийн ажиллагаагаар хийгдсэн “Цэцэг арга” байлаа. Энэхүү аргын ачаар оролцогчид маань ижил сонирхол болон бусдынхаа өвөрмөц нэгэн сонирхолыг  мэдэж авсан нь сургалтын уур амьсгалыг илүү халуун дулаан болгосон юм.