Төв Азийн сэтгүүлчид тулгамдаж буй асуудлаар санал солилцов

2017-10-31

Төв Азийн хэвлэл мэдээллийнхэнд зориулан Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ОБСЕ/-аас зохион байгуулдаг бага хурал аравдугаар сарын 18-19-нд Узбекистаны нийслэл Ташкент хотод болж өнгөрлөө.

XIX удаагийн энэ бага хурал “Төв Ази дахь нээлттэй сэтгүүл зүй” сэдвийн хүрээнд болж, Төв Азийн улсууд болох Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистанаас гадна Монгол улсаас төлөөлөгч оролцлоо. Монгол улсыг төлөөлж “Глоб Интернэшнл төв” ТББ-ын Т.Аюушжав, NEWS агентлагийн дэд захирал, Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын Ес зүйн хорооны гишүүн Д.Нарантуяа нар оролцсон бөгөөд Монгол дахь онлайн сэтгүүл зүйн өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, уламжлалт болон онлайн сэтгүүл зүйд учирч буй бэрхшээл, бас боломжийн талаар, мөн хэвлэл мэдээллийн хууль эрх зүйн орчны төлөв байдлын талаар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Мэдээллийн технологид суурилсан онлайн сэтгүүл зүй нийт сэтгүүл зүйд хэрхэн нөлөөлж байгаа, энэ бүс нутагт хэвлэлийн эрх чөлөөний асуудал ямар байгаа, олон нийтийн сүлжээ сэтгүүл зүйд саад болж байна уу, эсвэл дэм болж байна уу гэсэн сэдвийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнөлөө. Нэн ялангуяа мэдээллийн түгээлт өмнөх үетэй харьцуулахад маш шуурхай болж, энэ байдалд зохицсон контентийн формат, агуулгыг шаардаж байгааг олон төлөөлөгч хэлж байна. Cisco Visual Networking-ийн судалгаагаар ирэх 2018 он гэхэд нийт интернэт урсгал дахь контент дотор видео контентийн эзлэх хувь 74 хувьд хүрнэ гэсэн төсөөллийг гаргасан байна. Төв Азийн бүс нутаг нь газар зүйн байрлал төдийгүй ерөнхий хөгжлийн хувьд интернэтийн хамрах хүрээ тэгш бус бүс нутаг юм. Зарим улсад, тухайлбал, Киргизстаны хүн амын дөнгөж 40 хувь нь одоогоор интернэтийн үйлчилгээ авч байгааг тус улсын сэтгүүлч хэлсэн. Харин энэ үзүүлэлтийн хувьд Монгол улс үлгэр жишээ болохуйц байгааг /хүн амын бараг 96 хувь нь интернэтийн сүлжээг авах боломжтой/ онцолсон.

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улсын хэвлэл мэдээлэлд учирч байгаа нэг асуудал болох Fake news-ийн асуудал бас нэгэн сэдэв байлаа. Бага хурал болохын өмнөх Ням гаригт /2017.10.15/ Киргизстанд Ерөнхийлөгчийн сонгууль болж өнгөрсөн байсан бөгөөд энэ сонгуулийн кампанит ажил өмнө байгаагүй асар их мэдээллийн дунд болж өнгөрсөн, гэхдээ энэ олон мэдээллийн зохих хувь нь баримтгүй, нотолгоогүй, төөрөгдүүлсэн мэдээлэл явсныг жишээ болгон ярилаа.

Төв Азийн бүс нутгийн хэвлэл мэдээллийнхний хувьд анхаарал татаж байгаа бас нэг сэдэв нь салан тусгаарлах болон терроризмийн үзэл санааг сурталчлахын эсрэг, мөн үндэстэн хоорондын, шашин хоорондын сөргөлдөөнийг өдөөхийн эсрэг хэвлэл мэдээллийн үүрэг ролийн талаар бас ярилцлаа. Гэхдээ энэ терроризм, үндэстэн хоорондын сөргөлдөөнийг дэвэргэсэн зүйлтэй тэмцэж байна гэсэн хоморгон дор сэтгүүлчдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах тохиолдол гарч байгаа талаар Казахстан, Туркменистаны сэтгүүлчид мэдэгдлээ.

Мөн хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага энэ бүс нутагт үгүйлэгдэж байгааг оролцогчид хэлж байлаа. Одоогоор энэ бүс нутгийн орноос зөвхөн Киргизстан улс өөрийн зохицуулалтын байгууллагатай юм. Киргизийн Хэвлэл мэдээлэлтэй холбоотой гомдлыг хэлэлцэх комисс 2007 онд сэтгүүлчдийн өөрсдийн хүсэл санаачилгаар Сэтгүүлчдийн их хурлаараа байгуулсан. Тус комиссийн дарга Шамарал Майчиевийн хэлснээр харьцангуй тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага юм. Хэвлэл мэдээллийн байгууллагын болон гадаадын донор орнуудын хандиваар санхүүждэг. Түүний хэлсэн үгнээс хоёр зүйл анхаарал татсан нь, нэгдүгээрт, гомдол хэлэлцсэн тухай шийдвэрээ сэтгүүлч бэлтгэж байгаа сургуулиуд руу илгээдэг, хоёрдугаарт, сүүлийн жилүүдэд гадаад орны серверт бүртгэлтэй цахим сайт олширсон учраас ийм сайтад хэвлэгдсэн мэдээлэлтэй холбоотой гомдлыг хүлээн авахгүй байгаа юм байна. Гэхдээ ийм сайт нь ихэвчлэн орос хэл дээрх сайтууд ажээ.

Бага хурлаас 10 зүйл бүхий зөвлөмжийг гаргалаа.

Сэтгэгдлийг ачааллаж байна ...
Санал хүсэлт өгөх